“Apple” компани “iPhone” гар утасныхаа долоо орчим хувийг БНЭУ-д үйлдвэрлэж байв.
“Apple” компани ирэх таван жилийн хугацаанд БНЭУ дахь үйлдвэрлэлээ тав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг “PTI” агентлаг мэдээллээ.
Тус компани өнгөрсөн санхүүгийн жилд Энэтхэгт долоон тэрбум ам.долларын үйлдвэрлэл явуулсан бол энэхүү үзүүлэлтээ 40 тэрбум ам.доллар хүргэх зорилтыг тавиад байгаа аж. “Apple” компани “iPhone”-ийн загваруудаа Энэтхэг улсад үйлдвэрлэдэг бол ирэх жилээс “AirPods” чихэвчээ тус улсад үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байна. “Apple”-ийн ханган нийлүүлэгч “Foxconn” компани үйлдвэрлэлээ БНХАУ-аас өөр улсад төрөлжүүлэн явуулах зорилгоор “iPhone 15” гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэж эхэлжээ.
Тус компани “iPhone” гар утасныхаа долоо орчим хувийг БНЭУ-д үйлдвэрлэж байгаа тухай дөрөвдүгээр сард мэдээлж байжээ. Үүнээс өмнө Энэтхэгт “iPhone”-ийн угсралт БНХАУ-ынхаас 6-9 сараар хоцорч байсан ч одоо энэ зөрүү мэдэгдэхүйц багассан байна.
Үүнээс гадна БНЭУ 2026 он гэхэд цахилгаан барааны үйлдвэрлэлээ 300 тэрбум ам.доллар хүргэх зорилттой байгаагаа зарлаад байгаа юм.