Болгар, Румын улсууд он дуусахаас өмнө Европын Холбооны визгүй зорчих бүс буюу Шенгений бүсэд орох хүлээлттэй мөн үүнд бэлэн байгаа гэдгийг тус улсын Засгийн газрын тэргүүн нар мэдэгдлээ.
Румын, Болгар улсын хувьд Шенгений бүсэд нэгдэх техникийн шалгууруудыг хангаад удаж байгаа ч Европын Холбооны зарим гишүүн орнууд тус хоёр улсын авлигатай тэмцэх, хуулийг чанд сахиулах чадварт нь эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Дээрх хоёр улс 2007 онд Европын Холбоонд нэгдсэн хэдий ч үүнээс дөрвөн жилийн дараа авлигын асуудлаас болж Шенгений бүсийн гишүүн болоход хангалттай санал авч чадаагүй юм.
Цар тахлын үед болон Украины дайны нөлөөтэй тулгарсан цаг үед эдгээр улс нь Шенгений бүсийн тогтвортой үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан тул бүрэн эрхт гишүүн болгохыг зөвшөөрөх хэрэгтэйг Европын Комисс гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Дотооддоо хилийн хяналт шалгалтгүй дэлхийн хамгийн том бүс болох Шенгений бүсийн цар хүрээ томорсноор Европ тив илүү аюулгүй, илүү хөгжингүй, илүү сэтгэл татам болохыг Европын Комисс мөн онцолсон юм.
Европын Холбоо арваад жилийн өмнө Лихтенштейн улсыг тус бүсэд нэгтгэснээс хойш дахиж шинэ орон нэмж оруулаагүй байсан юм. Харин өнгөрсөн 2022 оны сүүлээр Хорват улсыг нэгтгэхийг Европын Парламент дэмжсэнээр Шенгений бүс өргөжсөн билээ.